Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхий сайдын өргөөнд албан ёсны хэлэлцээ хийв.
Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, хэтийн төлөвийн талаар болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Ерөнхий сайд Ф.Кишида Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын харилцааны ололт, амжилтыг бататгаж, итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ нотлов.
Албан ёсны хэлэлцээний үр дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтов. Мөн цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болов.
Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын баттерейн цэнэг хураагуур суурилуулах, “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурж байгааг талууд сайшаан тэмдэглэв.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах” чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо монголын тал нотлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг талууд сайшааж, Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.
Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжин, хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов.
Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа нотолж, японы тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг сайшааж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.

Төр, засгийн тэргүүн нар дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон монголын 20 мянган хүүхэд, залуучуудад байгаль орчин, цөлжилт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн бодит ажил хэрэг болгоход тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв.
Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав.
Мөн Монгол Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав.
Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
