Дэлхий нийтээр..
Жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэдэд хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг анхаарууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сануулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өглөө.
Тодруулбал, Гадаад улсын нэр бүхий иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан тул тухайн гадаадын иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас биечлэн сануулга өгч, хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг анхааруулж, зөвлөмж мэдээллийг өгсөн юм.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-т Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн 8.1.4-т Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглосон байдаг.
Иймд Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа улс төрийн шинжтэй жагсаал, цуглаанд оролцохгүй байх, мөн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаашлаад Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттайг анхаарна уу!
Гадаадын иргэн, харьяатын газар
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2022/06/28
Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
-
Дэлхий нийтээр..2025/04/15
Гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа
-
Дэлхий нийтээр..2026/02/04
Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн ...
-
Чөлөөт бүс2019/09/09
Монголын хилчдийн сэтгэлийн хойморт сүндэрлэсэн гэрэлт хөшөө
