Хэн юу хэлэв...
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй
Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн, доктор О.Мөнхсайхан, Үндэсний Статистикийн газрын Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд нар оролцлоо.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ, “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн дагуу хоёр үе шаттай явагдах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болно гэлээ. Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг боловсруулах чиг үүрэг хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлд байгааг дурдаад, тус Зөвлөл Улсын Их Хурлын 80 дугаар тогтоолын дагуу нэгдүгээр сарын 04, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлээд байгааг мэдээлэв.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Монгол Улсын Үндсэн хуулийг шинээр батлах, эс бөгөөс дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Зөвлөлдөх санал асуулгын асуултанд хэрхэн туссаныг сонирхож байлаа. Үүнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, эрдэм шинжилгээний хурал болон үндэсний чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван янзаар буюу 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцэт хэрэгжүүлэх, тодорхой нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд дахин оруулах, шинэ Үндсэн хууль батлах гэсэн хувилбаруудаар хөндөгдсөн байсан тул бид хэлэлцэж, асуудлын томъёоллыг олон талаар ярилцсаны эцэст “шинэчлэн найруулах” гэсэн агуулга бүхий нэг л асуулт орж байгаа гэсэн юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, доктор О.Мөнхсайхан, асуултуудын боловсруулахдаа бид Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, холбгдох бусад хуулийн зохицуулалтын хүрээнд ажилласан хэмээгээд Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай асуудал огт байхгүйг онцлон дурдлаа.
Мөн сэтгүүлчид статистикийн мэдээлэл цуглуулах судалгааны санамсаргүй түүврийн аргачлал, эхний шатны санал асуулгад оролцуулах иргэдийн тоог 1570-аар тогтоосны шинжлэх ухааны үндэслэлийг сонирхож байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар энэ талаарх мэдээлэлдээ, орчин үеийн статистик судалгаанд өргөн ашиглагдаж буй санамсаргүй түүврийн аргачлалыг Зөвлөлдөх санал асуулгад хэрэглэхээр Статистикийн Үндэсний хороо баталсан бөгөөд энэ аргачлалыг ашиглаж засаг захиргааны нэгжид суурилсан бүлэглэх аргаар сонгох 1570 хүн Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт хүн ам, мөн хүн амын бүхий л бүлгийг төлөөлөх боломжтойг тайлбарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцас хэлтсээс мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2019/06/20
Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав
-
Дэлхий нийтээр..2021/10/11
“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өрг...
-
Үйл явдал2026/07/28
Дайны хөлд сүйдсэн их сургуулийг дахин босгох оролдлого үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2020/08/12
БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
