Хэн юу хэлэв...
Г.Занданшатар: Энэ УИХ шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй!
УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаар өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр, "Улсын Их Хурал “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй!
Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье.
1. Монголын төр түүхэндээ 2 дахь удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар саналыг нь асуух гэж байна.
Зөвлөлдөх санал асуулга бол нийт иргэдийг төлөөлж чадахуйц статистикаар “солонгорсон” буюу санамсаргүй сонгогдсон түүвэр төлөөллөөс төрийн хэргийн талаар саналыг нь сонсож зөвлөлдөх судалгааны үйл явц юм. Гэхдээ тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр мэдээлэлтэй болсон иргэд төрийн хэргийг илүү нухацтайгаар зөвлөлдөх боломж олгодгоороо онцлог юм.
Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатыг иргэний нийгэм, эрдэмтэд судлаачдаас хамгийн олон давтамжтай ирүүлсэн асуудлаар дараахь 4 сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хэлбэрээр энэ сарын 14-15-нд зохион байгуулах юм.
1. Иргэний болон улс төрийн эрх
2. Парламентын ардчилал
3. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах
4. Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж үзэл бодлыг нь сонсох юм.
Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгаас ямар нэгэн шийдвэр гарахгүй. Харин Зөвлөлдөх зөвлөл дүнг хэлэлцэж зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг УИХ харгалзан үзэж хэрхэн шийдвэрлэх талаархи мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулах юм.
Харин хэлэлцэж байгаа асуудлаар бусдын сэтгэл хөдлөлийг далимдуулах гэсэн, асуудлын мөн чанарыг хөөрөл, гутрал, туйлшралаар халхавчлан өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулахаар зорьдог бүлэглэл ч зөвлөлдөх санал асуулгын агуулга мөн чанарыг мушгин гуйвуулж, санал хураалтад нөлөөлөхийг санаархаж байгаа нь Монголын ардчиллын үнэт зүйл, зарчимд харш гэж үзэж байна.
2. Oлон нийтийн сүлжээнд бичсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашиг, нэгдмэл байдал, төрийн эрх мэдэл, үндэсний баялаг болох мал сүрэг, газар, байгалийн баялаг, түүх, соёл, шашин, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн намууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, сонгуультай холбоотой хамгийн чухал заалтуудыг Үндсэн хуулиас хасах тухай суртал ухуулга нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Ийм эмзэг сэдвээр улстөржих нь ард түмний эв нэгдэл, нийтлэг эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна.
Үндсэн хууль болон засаглалын тогтолцоо зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн суурь асуудлуудыг иргэд ултай, суурьтай эргэцүүлэн тунгааж, бүрэн мэдээлэл, мэдлэгтэйгээр хэлэлцээд шийдэл гаргах нь ирээдүйн он жилүүдэд монголын нийгэм эрүүл, иргэддээ ээлтэй байхын үндэс юм.
Үндсэн хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын үеэр шинэ Үндсэн хуулийн талаар огт хэлэлцэхгүй, цаашдаа ч хэлэлцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Товчхондоо, энэ УИХ шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй!" гэсэн байна.Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үйл явдал2020/04/14
Сайд Б.Энх-Амгалан Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын ажилтай танилцлаа
-
Дэлхий нийтээр..2025/09/27
М.Нара: Ж.Баярмаа бол олигархи бүлэглэлийн гар хөл
-
Дэлхий нийтээр..2021/05/13
Зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлжээ
-
Үйл явдал2024/05/01
Нарны замыг хааж, засварлана
