Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Монгол Улсын Дээд шүүх мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбогдуулан иргэн С.Эрдэнэ 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид болон улс төрийн намын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны талаар олон нийтэд үндэслэлгүй, худал мэдээлэл хийсэн, түүнчлэн Улсын дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан тул энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

С.Эрдэнийн мэдээлэлд дурдсан:

-“ ... Улсын дээд шүүх 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлт хуульд нийцсэн гэж үзэж баталсан, ... уг дүрмийн өөрчлөлтийг баталсан Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны 292 гишүүний бүрэн эрх хүчинтэй байхад 2017 оны бүрэн эрх нь дуусгавар болсон ҮБХ-ны гишүүдээс ирц тооцож, хууль бус гишүүдийн хуралдуулсан хуралдааныг хүчинтэй мэтээр тооцож, бүдүүлэг, шударга бус шийдвэр гаргасан” гэх тухайд:

2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан ҮБХ-ны 392 гишүүний 255 нь намын даргын сонгуулийн асуудлыг хэлэлцсэн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон нь С.Эрдэнийн өөрийнх нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн нэрс, Л.Гантөмөрийн Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн нэрс зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдоно.

Иймд С.Эрдэнийн “ ... Улсын дээд шүүхээс намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцоод, ирц тооцож байгаад хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн, ... Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрсдийнх нь бүртгэсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн ҮБХ-ны 292 гишүүн байгаа. Хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Эдгээр хүмүүсийн бүрэн эрхийг яах гэж байгаа юм бэ. Хэрвээ эдгээр хүмүүс бүрэн эрхгүй байсан юм бол 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яах гэж Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж бүртгэсэн юм бэ” гэх зэргээр хийсэн мэдээлэл бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болно.

-“ ... зургаа, долоон жилийн өмнө ҮБХ-ны гишүүн байсан нөхдийг хүчин төгөлдөр мэтээр, 389 гишүүнээс ирц тооцоод намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцоод, ирц тооцож байгаад хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн” гэх тухайд:

Ардчилсан намын дүрэмд намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах хоёр тохиолдлыг нэрлэн заасан нь нэгдүгээрт, намын даргын шийдвэрээр, хоёрдугаарт, ҮБХ-ны нийт гишүүдийн 50+1 буюу ердийн олонхын саналаар гэсэн байдаг.

Намын даргын асуудал нь нам дотроо маргаантай байсан тул ҮБХ-ны гишүүдийн 50+1 саналаар намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах боломжтой байсан. Иймд Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулсантай холбоотой процессыг намын дүрэмдээ нийцсэн эсэхийг Улсын дээд шүүхээс хянахдаа хуралдаанд оролцсон ҮБХ-ны гишүүдийн тоог шалгах замаар хуралдааны ирцийг тодорхойлж байв.

Ардчилсан намын хувийн хэрэгт Ардчилсан намын VIII Их хурлын 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ҮБХ-ны 389 гишүүний талаарх мэдээлэл Улсын дээд шүүхэд хадгалагдаж байдаг бөгөөд ҮБХ-ны гишүүд 4 жилийн хугацаагаар ажиллахаар тус намын дүрэмд заасан боловч 2020 оноос эхлэн “намын даргын асуудлаар” маргаан үүсэж, хоёр талд тус тусын “ҮБХ” гэх бүтцийг бий болгосон, дотооддоо маргаанаа шийдвэрлээгүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 38 дугаар тогтоолоор тус шүүхэд хадгалагдаж байгаа Ардчилсан намын VIII Их хурлын 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ҮБХ-ны 389 гишүүнээс ирц тооцож шийдвэрлэсэн байдаг.

Энэ нь Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод асуудалд оролцож байгаа хэрэг биш бөгөөд харин ч Ардчилсан намын дотоод маргаанаас үүдэн түүний үндсэн бүтцийн байгууллага болох ҮБХ-ны эрх зүйн чадамж нь бүрэн үгүйсгэгдэх үр дагавраас хамгаалсан, үндсэн бүтцийн байгууллагаараа дамжуулан дотооддоо маргаанаа шийдвэрлэх боломжийг олгосон агуулгатай болно.

-“Улсын дээд шүүх Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмаа зөрчиж, гэрчилгээ эх хувиараа байхгүй байхад эрх зүйн чадамжгүй хэдэн нөхдийн гарын үсэг зурсан цаасыг хүлээж аваад шууд бүрдүүлбэр хангасан мэтээр шийдвэр гаргаж байгаа нь дэндүү муухай улс төрийн хүчирхийлэл, дэндүү авлига, хээл хахуультай холбоотой” гэх тухайд:

Ардчилсан намын дотоод маргаан үүссэн 2020 оноос хойш аль аль нь өөрийгөө Ардчилсан нам гэх хоёр талаас нийт 14 удаа тус намын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын дээд шүүхэд хандаж байжээ. Аль ч талаас ирүүлсэн хүсэлтэд Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлж байгаагүй болно. Тодруулбал, С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд хандаж хүсэлт гаргахдаа ч намын гэрчилгээний эх хувийг журамд заасны дагуу ирүүлж байгаагүй байна. Нийтэд илэрхий байгаа Ардчилсан намын “дотоод маргаантай” байдлыг харгалзан үзэж, аль ч талын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлээгүй” аль аль талд тэгш хандаж, Улсын дээд шүүх талуудын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж ирсэн.

Ингэснээр Улсын дээд шүүх тус намын дотоод маргаанд аливаа байдлаар оролцоогүй, маргалдагч аль ч талыг тус шүүхэд хандах, өргөдөл хүсэлтээ хэлэлцүүлэх боломжоор хангасан юм.

-“Улсын дээд шүүхийн шүүгчид хүнд гэмт хэрэгт олноороо холбогдсон ... хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээдэггүй...” гэх талаар:

Улс төрийн намын бүртгэл хөтлөх үйл ажиллагаатай холбоотойгоор тодорхой улс төрийн намын үүсгэн байгуулагч, сонирхогч бусад этгээдүүд өөрийн хүссэн шийдвэрээ Улсын дээд шүүхээр гаргуулах зорилгоор олон нийтийг турхирах, тус шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж, “шүүгчдийг олноороо гэмт хэрэгт холбогдсон” мэтээр үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан удаа дараа тарааж байна. Тухайлбал, Иргэдийн оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын дарга, мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ нар ийм агуулгатай мэдээлэл хийж байгаа нь төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан “төрийн түшээд”-ийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн талаарх энэхүү худал мэдээлэл нь жилд нэг зуун мянган хэрэг маргаан шийдвэрлэж, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх, хууль ёсны шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн үр нөлөөг бууруулах, төрийн үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирсан шинжтэй явуургүй, бусармаг, хорон үйл ажиллагаа болно.      

Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүх, шүүгчдийн албаны нэр хүндэд ноцтой халдаж, гүтгэлэг тарааж буй этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх, Улсын дээд шүүхийн шүүгчидтэй холбоотой “олноороо хүнд гэмт хэрэгт холбогдсон эсэх” талаар бодит мэдээллийг эрх бүхий байгууллагууд болох УЕПГ, АТГ, ЦЕГ-аас авч олон нийтэд мэдээлэх талаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх асуудлаар Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандах болсныг үүгээр мэдэгдэж байна.  

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.

Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.

Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал21 цаг 47 минут

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал21 цаг 54 минут

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..22 цаг 7 минут

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..22 цаг 10 минут

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал22 цаг 15 минут

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал22 цаг 19 минут

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал22 цаг 23 минут

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал22 цаг 28 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Санал болгох