Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, говь талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.
2023 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 11, 12-нд говь талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаарна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2024/06/06
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байрлах авто угаалгын газрыг буулгалаа
-
Үйл явдал2026/05/25
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
-
Дэлхий нийтээр..2023/04/21
Ж.Золбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорино
-
Хэн юу хэлэв...2023/10/04
Б.Мөнхтамир: Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгээ 26 хувиар, бусад чиглэлд 10-1...
