Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дархан, Сэлэнгийн нутаг, Булган, Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна. Оройдоо ихэнх нутгаар хүйтэрнэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.
2023 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2025/03/28
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ
-
Дэлхий нийтээр..2024/11/15
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ...
-
Чөлөөт бүс2020/07/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2022/08/04
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уу...
