Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
2023 оны гуравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. 5-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 5-7 градус хүйтэн байна.
2023 оны гуравдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 27, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2023/10/23
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
-
Хэн юу хэлэв...2022/02/15
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсно...
-
Үйл явдал2023/10/30
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2022/05/20
БШУЯ: Төсвөө зарцуулах эрхийг нь цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарт олгож...
