Дэлхий нийтээр..
ЁЗСХБХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлуүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр миний бие ахлан, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энхбаяр, Н.Энхболд нар ажилласныг дурдаад Ажлын хэсэг дөрвөн удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг 15 удаа хуралдсаныг онцоллоо.
Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан санал, орон нутагт (Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дархан-Уул, Ховд) болон Төрийн ордонд зохион байгуулсан хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг дээр төрийн албан хаагчдаас гарсан санал, түүнчлэн эрдэмтэн судлаач, бусад гадаад орнуудын эрх зүйн зохицуулалтын талаарх судалгааг судлан үзсэний зэрэгцээ дээрх хэлэлцүүлэг, уулзалтаас 101 иргэн, төрийн албан хаагчаас 261 санал, D.Parlaiment.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал ирүүлсэн бөгөөд хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн 50-иас дээш хувийн өмчит хуулийн этгээдийн албан хаагчдыг хамруулах, хамтач, хариуцлагатай байх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гомдол хэрхэн гаргах, төрийн өндөр албан тушаалтны нэр хүнд, ёс зүйн алдаа нь төрийн албаны нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа талаарх саналууд ирүүлсэн гэв.
Ажлын хэсэг дараах байдлаар саналын томьёоллыг бэлтгэлээ. Үүнд: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь анхдагч хууль бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгалаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үйлчлэлд хамрах хүрээг өргөтгөж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн бүх албан хаагч, төрийн болон болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, эрх бүхй албан тушаалтан, Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, Ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, Бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн хамаарахаар нэмж тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Мөн Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна энэ хуулиар тогтоосон хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх зарчмыг баримтлахаар тусгасан. Төрийн албан хаагч нь дээрх зарчмын хүрээнд ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөж, түүнийг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан үүрэг, хориглолт, хязгаарлалтаас гадна энэ хуулиар тогтоосон үйл ажиллагааг хориглохоор тусгасан гэлээ.
Түүнчлэн Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь хуулийн төслийн чухал асуудал мөн бөгөөд энэ талаарх зохицуулалтыг шинээр нэмж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх Ёс зүйн хороо, Дэд хорооны түүний бүрэн эрхийг хуульчилж, бие даасан хараат бус зарчмаар ажиллахаар тусгалаа. Ёс зүйн хороо орон тооны тав, орон тооны бус дөрөв, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй, Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар тусгасан. Ёс зүйн хороо нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтны, Засгийн газар нь эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтны, Дэд хороо нь өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах доод шатны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхээр тусгалаа. Төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хорооны холбогдох дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, төрийн албанаас халах хүртэлх арга хэмжээг авахаар тусгасан.
Ёс зүйн асуудлаар бусад орны туршлагыг харахад хууль болон дүрэм, журмаар зохицуулдаг бөгөөд гол зохицуулалт нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох заалтаас гадна авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлахыг шаарддаг бөгөөд төрийн албан хаагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхээс гадна зарлагын асуудлыг авч үздэг учраас энэ талын зохицуулалтыг судалж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газарт чиглэл болгож байгааг Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулгадаа дурдав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярхсайхан нар асуулт асууж, үг хэлсний дараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, төсөлд “Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.7, 4.1.9-д заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна.” гэсэн 4.4. дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 7 дугаар зүйлд “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;”,“байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;”, “албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх;”, “багаар ажиллах, суралцах, шинэ санаачлагыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах” гэсэн 7.1.8-7.1.11 дэх заалт, болон “Төрийн албаны тухай хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.4, 4.1.7, 4.1.9-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжоор тогтооно.”, “Төрийн албаны тухай хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.” гэсэн 7.2, 7.3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан “Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах”, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна зарлагын мэдүүлгийг мэдүүлж байх талаар санал боловсруулж, холбогдох хуульд тусгах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” гэсэн 2 дахь дэд заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь тус тус дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Тод зураг2020/03/13
Нэгдүгээр хавьтлын 149 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа
-
Хэн юу хэлэв...2023/09/28
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад...
-
Үйл явдал2025/09/25
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/09/24
Я.Содбаатар: Төр байгаа цагт хяналт шалгалт байна
