Үйл явдал
Баруун бүсийн хөгжлийг түүчээлэх “Морьтой Аравт”-ыг иргэд багаар нь дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшигч “Морьтой аравт” багийн сурталчилгаа Баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт үргэлжилж байна.
Баруун бүсийн хөгжлийн төлөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалангаар ахлуулсан “Морьтой аравт” багт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, Хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Байнгын хорооны дарга Балжиннямын Баярсайхан, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Цэдэндамбын Цэрэнпунцаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх Загджавын Мэндсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Сэрээжавын Энхболд, ЗГХЭГ-ын даргын зөвлөх, санхүү-эдийн засагч, эрх зүйч Батжаргалын Заяабал нар нэр дэвшээд байгаа билээ.

“Бүсийн хөгжлийг Бид түүчээлнэ...” уриатайгаар бүс нутгийнхаа хөгжлийн төлөө зорилго, итгэл нэгдсэн “Морьтой аравт” баг сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн 16 сумын иргэд сонгогчидтой уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулан, бүс нутгийн онцлог, судалгаанд тулгуурлан боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн бодлогоо хүргэн ажиллалаа.
Түүнчлэн “Морьтой аравт” багт Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүн, хоёр УИХ-ын Байнгын хорооны дарга нэр дэвшиж байгаагийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, иргэдтэй нээлттэй санал солилцсон юм.
Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөн, түүхий эдийн нөөцөд тулгуурлан Говь-Алтай аймагт байгуулах шохойны үйлдвэр, баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр, Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын бүс байгуулах, сэргээгдэх эрчим хүч дулааны цахилгааны станц, Ховд, Увс аймгийн нисэх буудлыг өргөтгөх, автозамын бүтээн байгуулалт зэрэг орон нутгийн хөгжлийг хурдасгаж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого зорилтыг бодитой үйл хэрэг болгож, үр дүнд хүргэхийн тулд “Морьтой Аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байв.
Завхан аймгийн Их-Уул сумын иргэд арьс, ширээр угалзтай Монгол гутал, гөлөм хийж, хонины ноосоо боловсруулан хивс нэхэж, жижиг, дунд үйлдвэрлэлийг аймаг, орон нутагтаа хөгжүүлж байна. Тэд орон нутгийн хөгжлийг дэмжих хамгийн чухал ажил бол зам, дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэржилт, ажлын байр, малчин өрхийн орлогыг тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцлоод МАН-ын мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэж бүсийн хөгжлийг нэн тэргүүнд тавьж, хэрэгжүүлж чадах давуу тал “Морьтой аравт” багт байна гэдгийг иргэд онцолж, талархаж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.
Баруун бүс нь Улаанбаатар хотоос 2000 орчим км алслагдсан учраас зарим төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахын тулд ихээхэн зардал, цаг хугацаа үрэгддэг. Тиймээс төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Ховд аймагт эмнэлэг, эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, Эмийн нөөцийн агуулах байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан нь оновчтой бодлого болж буйг иргэд онцолсон.


Харин Увс аймгийн Давст сумын иргэд сонгогчид малын буянаа аривжуулж аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч, үргэлжлүүлэх хэрэгтэйг дурдсан бол Увс аймгийн Наранбулаг сумынхан аж үйлдвэрийн парк олноор байгуулж, малын гаралтай түүхий эдийг боловсруулан дэлхийн зах зээлд гаргах “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжин хүлээн авч байна.
Түүнчлэн малчдын залгамж халаа, орон нутгийн цахимжуулалт, дэд бүтэц, боловсролын салбарт баримтлах бодлогууд цаг үеэ олсон нэн шаардлагатай ажлууд болохыг тодотгон, энэ хүрээнд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт туссан нь дэмжих шалтгаан болж байгааг хэлсэн юм.
Малчид орлоготой, иргэд ажлын байртай, үйлдвэрүүд үр ашигтай байх баруун бүсийн хөгжлийн төлөө “Морьтой аравт”-аа дэмжих Ард түмний сонголт ялалт авчирна гэдэгт иргэд, сонгогчид итгэл дүүрэн байна.



Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2024/03/27
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хур...
-
Дэлхий нийтээр..2021/09/01
"Шинэ ургацын Шинэхэн амт"
-
Дэлхий нийтээр..2023/07/26
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт газар хөдөллөө
-
Дэлхий нийтээр..2025/08/28
Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
