Дэлхий нийтээр..
Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийллээ
БЗД-ийн ЖДҮ эрхлэгчид бизнесийн таатай орчин бүрдүүлэх, уян хатан зээлийн нөхцөлийг төрийн бодлогоор дэмжихийг хүслээ
Баянзүрх дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчид УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчидтэй уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. ЖДҮ эрхлэгчдийн зүгээс нэр дэвшигч УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар нь ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгөнөөс идээгүй, нэр цэвэр цөөн гишүүдийн нэг учраас дэмжихээ илэрхийллээ.
Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр ч утгаараа нийслэлийн хэмжээнд хамгийн олон буюу 5350 жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн төлөөлөн уулзалтад оролцсон иргэд татварын хөнгөлөлт, тайлан, борлуулалт, зээлийн таатай орчныг сайжруулах чиглэлээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа олон санаачилгыг заавал хэрэгжүүлэхийг хүсэж, нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж амжилт хүслээ.
Шархадны иргэд автозам дагаад амьжиргаа дээшилж байгааг хэлж байна
Мөн Баянзүрх дүүргийн Шархад буюу 9, 17, 34 дүгээр хорооны иргэдтэй МАН-аас нэр дэвшигчид уулзалт хийлээ. Шархадны иргэд өнгөрсөн дөрвөн жил хийгдсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаа. Гэр хорооллын дундуур шинээр авто зам баригдсан, Улиастайн гол дээгүүр шинэ гүүр тавигдсанд талархаж буйгаа хэлээд автозам дагаж амьжиргаа дээшилж байгааг онцолсон.
Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон ажлыг дүүрэг хороондоо хийлгэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
МАН-аас УИХ-ын VIII тойрог, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар нь хариуцсан салбар бүрдээ хариуцлагатай ажиллаж, дүүргээ хөгжүүлнэ гэдэгт иргэд итгэл хүлээлгэж байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
