Дэлхий нийтээр..
Монголын хүнсчдийн холбоо мэдэгдэл гаргалаа
Монголын хүнсчдийн холбооноос Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол улс хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах тухай мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд "Манай улс БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болон Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз улс, ОХУ-уудтай худалдааны түр гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулсан алхам болж байна.
Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай хийхээр төлөвлөж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний импортыг эрчимжүүлж, их гүрний нөлөөнд автах эрсдэл дагуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа юм. Олон улсын жишгээр энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэлдээ импортын өндөр татвараар хамгаалалт хийсэн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжил буурай орнуудаас татах түүхий эдээ нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Гэтэл манай тохиолдолд аль хэдийнээ Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гадны импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байна.
Энэ бол зөвхөн хүнсний салбар төдийгүй дотоодын бүх үйлдвэрлэгч нарт хамаатай. Ялангуяа ОХУ нь экспортлогч аж ахуй нэгжүүддээ тээвэр логистик, судалгаа хөгжүүлэлт, тоног төхөөрөмж худалдан авалт, оюуны өмчийг гадаад зах зээлд бүртгүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэргүүтэй чиглэлээр өргөн хүрээнд төрөөс татаас олгодог. Энэ нь үнийн хувьд ямар ч өрсөлдөх чадвар бидэнд олгох боломжгүй бөгөөд ОХУ болон тус Холбооны гишүүн улс орнууд нь үйлдвэрлэгч, экспортлогч орон тул Монгол Улсаас хийх экспорт их гүрнүүдийн зах зээлд ч боломж бүрдэхгүй юм. Мөн түүнчлэн олон улсын худалдааны хориг арга хэмжээнд ороод байгаа улс орнуудтай яаран хэлэлцээр хийх нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд эрсдэл дагуулахаар байна.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Япон Улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс манай улсын гадаад худалдааны алдагдал үнэмлэхүй өндөр хэвээр бөгөөд импорт хэд дахин нэмэгдэж байгаа нь бидэнд өгөөжгүй гэдэг нь батлагдаж байна.
Иймд дотоодын хэрэглээг бүрэн хангаж байгаа, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид төдийлөн бүрэн хамарч чадахгүй байгаа УИХ-ын 36-р тогтоолыг үл харгалзан нийтлэг эрх ашгийг ханган, хүнсний салбарын ирээдүйн хөгжлийг өргөн агуулгаар нь нухацтай харж, дээрх худалдааны гэрээ, хэлэлцээрүүдийг зогсоох, хойшлуулахыг мэдэгдэж байна" гэжээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/02/13
Д.Амарбаясгалан: Хүний хөгжил нь төрийн бодлогын өмнө тавигдаж, хууль нь иргэний...
-
Үйл явдал2023/08/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Үйл явдал2025/09/05
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/09/07
Сэрэмжлүүлэг: Гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөв гарчэ...
