Үйл явдал
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх 2025 оны нэгдүгээр сард баруун болон төвиин аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох бол хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.
Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх бол сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Хоёр дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас (цас) Завханы нутаг, Увсын ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Харин гуравдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Хэн юу хэлэв...2020/01/27
БНХАУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд
-
Дэлхий нийтээр..2023/03/09
Г.Занданшатар: D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын ...
-
Үйл явдал2020/10/29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт...
-
Дэлхий нийтээр..2023/08/24
ЗГ: Боловсролын үндэсний зөвлөл байгууллаа
