Үйл явдал
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе үеийн бие бүрэлдэхүүн болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь амжилт хүсэж, талархал илэрхийллээ.



Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас анх удаа зохион байгуулсан “Хуурай замын цэргийн бэлэн байдлын сорилт” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн Хуурай замын цэргийн командлалын алба хаагчдад баяр хүргэлээ.
Цаашид нийт бие бүрэлдэхүүн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.


Ерөнхийлөгч мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Лувсанцэрэнгийн Доржид Гавьяат нисгэгч, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэрэнжавын Ганбатад Гавьяат эдийн засагч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн авто тээврийн салааны тээврийн тасгийн жолооч, ахлагч Дармаагийн Батдоржид Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгуурлан боловсруулж, батлуулах гэж байна.
Ингэснээр өөрийгөө батлан хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллага, иргэд гээд бүх талын оролцоотой, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий тогтолцоо бүрдэх юм.



Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн цэргийн зарим командлалын газрыг шинээр байгуулсан. Мөн холбогдох хуулиудыг шинэчлэн батлуулж, аливаа аюул, заналтай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэхэд бодит нөлөө үзүүлэх боломж бүрдүүлжээ.
Цаашид үндэсний язгуур ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон дэлхий, бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найдвартай хангах зорилгоо тууштай хэрэгжүүлэхээ Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.
Манай улс өнгөрсөн 24 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 23,000 гаруй алба хаагчаа оролцуулж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болж чадлаа.



Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгосон.
Энэ хүрээнд алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зориг, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил хийжээ.
Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгосны дагуу тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэх юм.



Төр, засгаас батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийж буй шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна.
Тухайлбал 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс алслагдсан цэргийн ангийн хүүхэдтэй гэр бүл, алба хаагчид “Хүүхэдтэй гэр бүлд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог урамшуулал”-д хамрагдана. Мөн оноос эхлэн 5 жил тогтвор суурьшилтай ажилласан цэргийн алба хаагч мөнгөн урамшуулал авч байх юм.
Дэмжлэг нэн шаардлагатай бол орон сууц, хашаа байшин худалдаж авах урьдчилгаа төлбөрт зориулж нэг алба хаагчид 20 сая төгрөг олгоно.
Энэ хүрээнд 200 гаруй алба хаагч 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авах бол 150 гаруй хүн дараалал харгалзахгүй ипотекийн зээлд хамрагдахаар байна.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бичил бизнес эрхэлдэг гэр бүлд нь хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.






Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
