Үйл явдал
Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн гуравдугаар шатны хурал Орхон аймагт боллоо
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурал Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Төлөвлөлтийн хурлыг Монголын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Ц.Төрмөнх, Оросын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч генерал В.А. Белявский нар хамтран удирдан явуулжээ.
Хурлаар “Сэлэнгэ-2026” хамтарсан хээрийн сургуулийн зохион байгуулалт, сургалтын сэдэв, зорилго болон боловсруулсан төлөвлөгөө, холбогдох асуудлуудыг эцэслэн хэлэлцэж, талууд харилцан тохиролцон баталгаажуулсан байна.
Мөн ОХУ-ын ажлын хэсгийн төлөөлөгчид хамтарсан сургууль зохион байгуулагдах газар оронтой танилцжээ.
Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургууль нь хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд энэ жилийн сургуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Хурлын төгсгөлд хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид гаргасан шийдвэрүүдээ нэгтгэн баталгаажуулж, хурлыг ахалсан удирдлагууд хамтарсан протоколд гарын үсэг зурлаа.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Хэн юу хэлэв...2022/10/13
УИХ-ын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
-
Хэн юу хэлэв...2019/09/19
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
-
Хэн юу хэлэв...2021/06/02
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэл...
-
Дэлхий нийтээр..2025/05/26
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр айлчилна
