Үйл явдал
Анхааруулга!
Ойрын өдрүүдэд Европын улс, орнуудад хэт халалтын цаг уурын үзэгдэл олон хоногоор үргэлжилж, цаашид агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зарим орнууд 3 дугаар түвшний улаан түгшүүр зарлаад байна.
Европын ихэнх улс, орнуудын Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд хэт халалт нь ахмад настан, бага насны хүүхэд, архаг өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст төдийгүй бусад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Иймд Европт сурч, ажиллаж, амьдарч буй иргэд болон тус бүс нутагт зорчихоор төлөвлөж буй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
- Өдрийн халуун үе буюу 11:00-18:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан байхаас зайлсхийх,
- Хоолны тодорхой хэмжээний дэглэм барих (хөнгөн хооллох), мах зэрэг удаан шингэцтэй хоол, хүнсийг багасгах, хагас боловсруулсан болон халуун ногоо ихтэй хоол хүнснээс татгалзаж, гоймон, загас, шинэ ногоо, жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглэх,
- Биеийн шингэнийг нөхөх зорилгоор ус их хэмжээгээр уух, хийжүүлсэн эсвэл чихэрлэг ундаа, цай, кофены хэрэглээгээ багасгах, мөн хэт хүйтэн уух зүйл болон согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх,
- Гэртээ болон албан өрөө, тасалгаа, буудаллах зочид буудлын өрөөндөө агаар сэлгэлтийг тогтмол хийх,
- Хөвөн, даавуу зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн цайвар өнгийн хувцас өмсөж, малгай, нарны шил тогтмол хэрэглэх,
- Нарны тос түрхэж, арьсаа наранд түлэгдэхээс хамгаалах,
- Биед хүнд ачаалал өгөх, дасгал хөдөлгөөнөөс аль болох зайлсхийх зэрэг болно.
Иргэд Та бүхнийг өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн байгууллагад хандах, суугаа болон зорчиж буй оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.
Та амьдарч буй болон зорчих Европын орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://www.consul.mn/news/c/162
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2022/11/28
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Хэн юу хэлэв...2022/02/24
МҮОНРТ-ийн хураамжид 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй
-
Хэн юу хэлэв...2023/12/04
П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж ба...
-
Хэн юу хэлэв...2026/07/22
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг х...
