Үйл явдал
“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.
Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.
“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Үйл явдал
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр наймдугаар сарын 19-нд аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай цахимаар хуралдаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл, улсын төсөвт тусгах шаардлагатай 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн бөгөөд тэдгээрийг холбогдох яамдад хуваарилан шийдвэрлэж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээтэй холбоотой 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.
Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэж, хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яам хэрэглэгчийн тарифын зохицуулалтаас үүссэн авлагын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлэв.
Дорнод аймаг авто замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилт, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэг, замын ажлын асуудлаа танилцуулжээ. Харин Хөвсгөл аймаг 2019 оноос баригдаж буй 100 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт тусгуулах санал хүргүүлсэн байна.
Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагыг хөндсөн бол Өмнөговь аймаг орон нутагт санхүү, худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлангийн үеийн шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг тавьжээ.
Мөн Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомттой холбоотой зардлыг баримт, тооцоог нэгтгэсний дараа шийдвэрлэхээр болсон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын ажлын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлжээ.
Шадар сайд Н.Номтойбаяр жил бүр давтагддаг, шийдэлгүй явсаар ирсэн асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагатайг онцолж, бүх асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх хандлагаас татгалзахыг аймгуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Тэрбээр орон нутгууд дотоод нөөц боломж, хувийн хэвшлийн оролцоо болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах шаардлагатайг сануулж, Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймгийг өөрсдийн боломжоо ашиглан асуудлаа шийдвэрлэж буй сайн жишээ хэмээн дурдсан байна.
Мөн дутуу гүйцэтгэлтэй спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, үлдсэн санхүүжилтийг өөр эх үүсвэрээр шийдэх боломжийг эрэлхийлэх чиглэл өгчээ.
Засгийн газар “Чөлөөлье” бодлогын хүрээнд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа тул орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжиж, шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэх ёстойг Шадар сайд онцоллоо.
Үйл явдал
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авах зорилготой “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар наймдугаар сарын 14-нөөс ажиллаж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар давхардлыг хасаж тооцоход 1634 иргэнээс санал, хүсэлт иржээ. Иргэд 150150 дугаарт мессежийг үнэ төлбөргүй илгээхээс гадна mayor@ulaanbaatar.mn цахим шуудангаар холбогдох боломжтой.
Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаагийн мэдээлснээр иргэдийн ирүүлсэн санал, хүсэлтийг тусгай баг хүлээн авч, нийслэлийн холбогдох 22 удирдлагад хуваарилан хүргэж байгаа аж. Хариуг тав хоногийн дотор өгөхөөр ажиллаж байна.
150150 дугаар нь дуудлага хүлээн авахгүй, зөвхөн мессежээр санал, хүсэлт авах зориулалттайг нийслэлээс санууллаа. Ингэснээр иргэдийн мэдээллийг бичгээр баримтжуулж, шийдвэрлэх байгууллага, хариуцах албан тушаалтныг тодорхой болгох зорилготой гэж тайлбарлав.
Мөн иргэд санал, гомдлоо илгээхдээ тухайн газрын хаяг, байршил болон үүссэн асуудлыг аль болох тодорхой бичих шаардлагатай. Мэдээлэл дутуу тохиолдолд иргэнтэй дахин холбогдож тодруулах шаардлага гарч, шийдвэрлэх хугацаа уртсах эрсдэлтэй аж.
Нийслэлээс 150150 тусгай дугаараар ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийг эргэн мэдээлэх зарчмаар ажиллаж байна.
Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны наймдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 5 хэмаар дулаарч 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 21-23 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч 19-21 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 21-нээс
2026 оны наймдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
-
Дэлхий нийтээр..2024/11/12
Хотын төвөөр үхэр мал бэлчээхгүй байхыг анхааруулав
-
Үйл явдал2023/01/19
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна
-
Дэлхий нийтээр..2025/10/13
Монголын нэр хүнд, хөрөнгө оруулалтын шинэ гарц- COP17
-
Тод зураг2020/02/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
