Үйл явдал
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.



Үйл явдал
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.

Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна.
“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ.
2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж 6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.




Үйл явдал
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Үйл явдал
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Дэлхий нийтээр..2025/03/20
Сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулахад мэргэжлийн байгууллагууд хамтр...
-
Чөлөөт бүс2023/02/06
Өглөөний цайгаа тогтмол уух нь бодисын солилцоог сайжруулдаг
-
Дэлхий нийтээр..2025/02/20
НӨАТ-ын сугалаанаас супер азтан нэг тодорлоо
-
Дэлхий нийтээр..2023/03/29
Загастайн давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болжээ
