Хэн юу хэлэв...
Г.Эрхэмбаяр: Ахуйн хэрэглэгчдэд борлуулж буй цахилгааны үнэ бодит өртгөөс дунджаар 30 орчим хувиар бага байгаа
Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний салбарын 2020 оны үйл ажиллагааны дүнг нэгтгэн гаргаж Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулжээ. Энэ талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяртай уулзаж ярилцсан юм.
-Монгол Улсын эрчим хүчний салбар өнгөрсөн онд хичнээн хэмжээний цахилгаан, дулаан үйлдвэрлэсэн бэ? Импортын цахилгааны хэмжээ энэ онд буурсан уу?
- Өнгөрсөн 2020 онд Монгол Улсын дотооддоо үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээ 7.1 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 0.1 тэрбум кВт.ц буюу хоёр хувиар өссөн. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дулааны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оноос 0.3 сая Гкал-аар буюу 4 хувиар нэмэгдэн 9.1 сая Гкал, бусад аймаг, суурин газрын дулааны үйлдвэрлэлийн хэмжээ 0.3 сая Гкал буюу 9.9 хувиар нэмэгдэн 3.4 сая Гкал, нийт дулааны үйлдвэрлэл 0.7 сая Гкал-аар буюу 5.5 хувиар нэмэгдэж 12.5 сая Гкал хүрсэн байна. ОХУ-аас худалдаж авсан импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өмнөх оны гүйцэтгэлээс 60.1 сая кВт.ц-аар буюу 16.2 хувиар буурч 312.2 сая кВт.ц боллоо. 2020 онд ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан байна. Үүний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Оюутолгой ХХК нь БНХАУ-аас импортоор авсан дүнтэй байна.
- Өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хэр өссөн бэ?
- Цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нийт 89 МВт-аар өргөтгөсөн, мөн Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлалтай 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орж Хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосноор нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадал 119 МВт-аар нэмэгдлээ.
-Эрчим хүчний салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй Дөрөвдүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 89 МВт-аар өргөтгөсөн ажил байсан. Энэ төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн вэ?
-“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.2 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр. Энэ станцын нөөц боломж, хүн хүч, техник технолгийг ашиглан, хүчин чадлыг өргөтгөх томоохон хэмжээний төслийг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийсэн. Өнгөрсөн 2020 онд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн дөрвөн турбингенераторыг өргөтгөлөө. Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, төвийн бүсийн хэмжээнд хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. Тодруулж хэлэхэд 89 МВт-аар өргөтгөснөөр 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт болох 93 сая ам.долларыг улсын төсөвт болон хэрэглэгчдэд дарамт үзүүлэхгүйгээр долоон жилийн хугацаанд төлж барагдуулах санхүү, эдийн засгийн тооцоог манай хорооноос хийсэн.
- COVID-19 цар тахлаас шалтгаалан 2020 онд бүхий л салбарт санхүүгийн хямрал нүүрлээд байгаа. Эрчим хүчний салбарын хувьд ямархуу байгаа вэ?
-Амаргүй хүнд жилийг эрчим хүчний салбарын хамт олон амжилттай давж гарсан гэж хэлж болно. Юуны өмнө хэлэхэд хэрэглэгчийн үнэ тарифт өөрчлөлт ороогүй. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах, төвийн бүсийн “Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар”-ын эх үүсвэргүй өр төлбөр буюу алдагдлыг бууруулах зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналыг боловсруулсан. Тухайлбал ОХУ-аас худалдан авдаг импортын цахилгааны болон чадлын хэмжээг багасгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тоног төхөөрөмжийн эрсдэлийг бодитой үнэлэн зарим хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг эрэмбэлэн хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг дөрвөөс доошгүй хувиар хэмнэх, цахилгаан, дулааны түгээлтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, улмаар бизнес төлөвлөгөө, зорилтод түвшний үзүүлэлтүүдэд тодотгол хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний дүнд 2020 онд төвийн бүсийн “Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар” хуримтлагдсан алдагдлыг 37 тэрбум төгрөгөөр буюу 9 гаруй хувиар бууруулж чадсан.
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрчим хүчний салбарын нийт 325 компанийн хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцооны урьдчилгаа болон гүйцэтгэлийн мэдээллийг сар бүр нэгтгэн хянах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
-Эрчим хүчтэй холбоотой хичнээн төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцаад байгаа вэ? Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэглэгчдэд өнгөрсөн онд хэдэн төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн бэ?
-Эрчим хүчний зохицуулах хороо нь цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлтэй холбоотой Засгийн газраас гаргасан 3 чухал тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоол гэж байна. Энэ тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт орсноор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын айл өрхийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх болсон. Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байна. Нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифын хөнгөлөлтөөс үүссэн 18.1 тэрбум төгрөгийг хөнгөлсөн. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр тогтоол гэж бий. Энэ тогтоолын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, цагийн ялгаварт тарифт тоолууртай өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргсан бөгөөд өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлэгчдэд 2020 онд нийт 100 орчим сая төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлээд байна. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол. Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцах болсонтой холбогдуулан цахилгаан эрчим хүчний 683 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 1052 мянган хэрэглэгч хамрагдсан байна. Тогтоол хэрэгжсэн хугацаанаас буюу 2020 оны арванхоёрдугаар сар, 2021 оны нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр саруудад хэрэглэгчийн цаxилгаан, дулааны эрчим xүч, дулааны уурын төлбөр болох 359 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар төлсөн байна.
Айл өрхөд борлуулж байгаа цахилгааны тариф өртгөөсөө бага байдаг гэж ярьдаг. Өнөөгийн байдлаар ямар түвшинд байгаа вэ?
Айл өрхүүдэд борлуулж байгаа цахилгаан эрчим хүчний тариф бодит өртгөөс доогуур байгаа. Өнөөгийн байдлаар нэгж кВт.ц цахилгааны өртөг 183.65 төгрөг. Одоо мөрдөгдөж байгаа цахилгаан эрчим хүчний тарифыг танд тайлан мэдээнээс тодорхой хэлье. Энгийн тоолууртай айл өрхөд борлуулах цахилгааны тариф 150 кВт.ц хүртэлх хэрэглээнд 134.28 төг/кВт.ц, 151 кВт.ц-аас дээших хэрэглээнд 154.08 төг/кВт.ц байгаа бөгөөд нэгжийн өртгөөс 19-37 хувиар доогуур, мөн цагийн ялгаварт тарифт тоолууртай өрийн цахилгааны тариф өдрийн хэрэглээнд 140.18 төг/кВт.ц, шөнийн хэрэглээнд 112.98 төг/кВт.ц буюу бодит өртгөөс 31-63 хувиар доогуур түвшинд байна. НӨАТ-гүйгээр. Ахуйн хэрэглэгчдэд дээрх байдлаар бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч борлуулснаар 2020 онд Улсын хэмжээнд нийт дүнгээр 80.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж байна. Айл өрхөд цахилгааныг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаагаас нэг өрхөд сард дунджаар НӨАТ-тай дүнгээр 8220 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг гэж хэлж болно.
Өнөөдөр эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хичнээн компани байдаг вэ? Эдгээр компаниудад танай байгууллагын зүгээс ямар шаардлага тавьж ажилладаг вэ?
-Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны байдлаар нийт 192 хуулийн этгээдийн 11 нэр төрлийн 317 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу зохицуулж ажилладаг хараат бус зохицуулалтын байгууллага юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Бидний зүгээс эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтыг тодорхойлж, үүнийгээ жил бүр дүгнэж ажилладаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж байна, 2020 онд төлөвлөгөөт 6, төлөвлөгөөт бус 4, нийт 10 хяналт шалгалт хийж, шалгалтаар 48 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр 49 үүрэг даалгавар, 12 зөвлөмжийг хугацаатай өгч биелэлтэд нь хяналт тавьж ажилласан.Төгсгөлд нь хэлэхэд та бид хоёрын ярилцлагандаа иш татсан Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааны тайлан сэтгүүл, эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүдийн эмхэтгэлийг манай Хорооны цахим хуудсанд байршуулсан байгаа тул нарийвчлан танилцах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
