Хэн юу хэлэв...
Б.Пүрэвсүрэн: Угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй байдлаас үүссэн
Өвөлжилтийн бэлтгэл ажил болон угаарын хийн эрсдэлээс иргэдийг урьдчилан чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-“Өнтэй өвөлжье” өдөрлөгийг энэ сарын 11, 12-нд зохион байгуулна-
-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-2021-2022 оны галлагааны улирал буюу өвөлжилтөд зориулан өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн. Одоогоор 80 орчим хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэн хэд хэдэн дэд сэдвийг агуулдаг.
Сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, аюулгүй байдлыг хангах асуудал буюу иргэдэд хүртээмжтэй байлгах, өмнөх жилүүдэд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх ёстой.
Иргэд галлах явцдаа угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх явдал.
Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хувь хүний оролцоог сайжруулах.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дэд төслүүдтэй хамтран айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн бусад төрлийн ахуйн цахилгаан халаагуурын технологийн шийдлүүдийг санал болгох багц ажлууд ордог.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн гэлээ. Багц тус бүрээр нь задлан танилцуулахгүй юу?
-Түлшний нөөцийн хувьд “Таван толгой түлш” ХХК үйлдвэрлэлээ явуулж байна. Нийслэлийн зүгээс агуулах, тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулан, гүйцэтгэдэг. Есдүгээр сарын 2-ний байдлаар 29.180 тонн сайжруулсан түлшний нөөц агуулахад байгаа гэсэн мэдээ бий. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 60 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлж байж өвөлжилтөд бэлэн болсон гэж үздэг. Есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ны дотор 60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр төлөвлөгөөний дагуу түлш нөөцлөлтийн ажил хэвийн явагдаж байгаа гэсэн үг.
Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн тав болон зургадугаар сарын угаарын хийн эрсдэл их өндөр байсан. Угаартсан хүн болгоноос судалгаа авч, нөхцөл байдал, шалтгааныг нь тодруулсан. Уг судалгаагаар 2019, 2020 онд гарсан угаарын хийн эрсдэлүүд мэдлэг, мэдээлэл хангалтгүй байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшээ зөв зохистой түлэх, угаар мэдрэгчээ ажиллуулах, амьдралын хэв маягаа сайжруулсан түлшний хэрэглээнд уялдуулан өөрчлөх зэрэг мэдлэг дутмаг байснаас угаарын хийд хордох тохиолдол их гарсан. Харин хоёр жил сайжруулсан түлшээ хэрэглэсний дараа буюу өнгөрсөн хавар гарсан угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй хандсанаас үүссэн байдаг. Хамгийн энгийн жишээ бол “Бороо ороод байхаар нь яндангаа аваад өрхөө бүтээсэн” гэх шалтгаанаас үүдэн угаартах эрсдэл үүссэн. Ийм шалтгаан маш өндөр хувийг эзэлж байгаа. Эсвэл насанд хүрээгүй хүүхдүүд галаа түлээд, яндангаа аваад өрхөө бүтээчихсэн гэх мэтийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас угаарын хийн эрсдэлд орох тохиолдол нэлээдгүй байлаа. Тэгэхээр иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас үүссэн эрсдэлийг сургалт, нөлөөллийн ажлаар бууруулна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Тус ажилтнууд нийслэлийн гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлтгэл ажилд оролцохоос гадна орчны бохирдолтой холбоотой ажлуудыг хийдэг. Тиймээс 4500 ажилтнаа зургаан дүүрэгт нэгж болгон багцалж, зургаан өдрийн сургалтад хамруулж байгаа. Тодруулбал, айл бүрээр орон өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах сургалт байгаа. Нэг орон тооны бус ажилтанд 40 хүртэлх айл ногддог. 40 өрх гэдэг нь 2-3 гудамжны айлууд гэсэн үг. Тэгэхээр 4500 орон тооны бус ажилтнуудыг есдүгээр сарын 15-наас өмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын тухай мэдлэг, мэдээллийг олгосон байх сургалтад хамруулж байгаа юм. Өнөөдрийн хувьд тав дахь дүүрэг буюу Баянзүрх дүүрэгт 14:00 цагаас сургалт орсон бөгөөд амжилттай үргэлжилж байна. 4500 ажилтнууд дээр бүх хорооны дарга, хэсгийн ахлагч нар нэмэгдээд 5000 гаруй хүн сургалтад хамрагдана. Халдвар хамгааллын дэглэм мөрдөх үүднээс тодорхой хэсгийг танхимаар, дийлэнх хувийг нь цахимаар сургалтад хамруулж байгаа.
-Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр өөр ямар ажлууд төлөвлөсөн бэ?
-Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг өдөрлөг маань хэд хэдэн дэд хэсгээс бүтнэ. Тухайлбал, нэг талдаа агаарын бохирдолтой холбоотой төрийн үйлчилгээг үзүүлэх юм. Үүнд, “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэгтэй холбоотой үйлчилгээ, мэдээллийг хүргэнэ. Нөгөө талд нь шинэлэг техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэдэг бизнес, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчилна. Мөн төрийн байгууллагаас гаргасан стандарт, норм, норматив болоод хангах ёстой бусад хэм хэмжээг хангуулах, тэдгээрийг тайлбарлах, ойлгуулах юм. Түүнчлэн стандартын зуух болоод стандартын бус зууханд түлш түлэхэд шаталтын ялгаа ямар байдаг вэ? Утаа их хаядаг, бага хаядаг тээврийн хэрэгслийн хооронд агаар бохирдуулах ямар хэмжээний ялгаа гардаг вэ гэдгийг газар дээр нь хэмжиж, иргэдэд сонирхуулна. Үүнээс үүдэлтэй технологийн шийдлүүдийг иргэдэд санал болгохоор ажиллаж байна. Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөлтэй хамтран гэрийн дулаалгын талаар танилцуулга, төслүүдийг иргэдэд мэдээлэхээр төлөвлөсөн. Гэрээ дулаалсан айлын түлшний хэрэглээ болоод гэрээ дулаалаагүй айлын түлшний хэрэглээнд ямар зөрүү гарч байгааг иргэдэд таниулан, сурталчилна гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газар болоод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна, чанар хяналтыг сайжруулна” гэсэн байдаг. Үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлье гэж үзвэл жилд ойролцоогоор 10 орчим хувиар агаарын бохирдлыг бууруулах шаардлага үүсэж байна. Үүнийг хэрэгжүүлэхээр тархалтын загварчлал гарган, дүн шинжилгээ хийхэд айл өрхүүдийн зуухны стандарт болоод автомашинаас ялгарч буй бохирдол хамгийн их болоод байгаа юм. Ер нь яндангүй л бол бохирдолгүй байна гэж ойлгоход буруудахгүй. Тиймээс өрхийн цахилгаан, дулааны хэрэглээг агаар бохирдуулдаггүй эх үүсвэрээр солих боломжийн талаар суурь судалгаа хийн, иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийдэг. Энэ мэтчилэн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан таван төрлийн цогц төлөвлөгөө гарган бэлдэж байгаа.
-Сайжруулсан түлш борлуулах цэгүүд нэмэгдэж байгаа юу. Мөн үнийн хувьд өөрчлөлт орсон уу?
-Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны галлагааны улиралд 446 мянган тонн түлш түлсэн байдаг. Харин 2020-2021 оны галлагааны улиралд 708 мянган тонн түлш түлсэн. Энэ нь түлшний хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг. Тус 708 мянган тонн түлшний 504 мянган тонн түлшийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд худалдаалсан. 54 мянган тонн түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнийн дүнгээр мөн иргэд худалдаж авсан. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард судалгаа авахад хэрэглэгчид “Түлшний үнийг хөнгөлсөн нь цар тахлын үед маш их дэм болсон” гэх дүгнэлтийг өгсөн. Энэ жилийн хувьд Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдруулан худалдаалахаар болсон. Нэг шуудай түлшийг 1875 төгрөгөөр худалдаалах бөгөөд зургаан шуудай түлшийг 11.250 төгрөгөөр худалдан авч, нэг айл долоо хоногийн хэрэгцээгээ хангана гэсэн үг. Борлуулалтын цэгийн тоог 2019 оноос хойш тасралтгүй нэмсэн. Хамгийн сүүлд цар тахлын үед настай хүмүүс, алслагдмал хол газар амьдардаг иргэддээ ойртох зорилгоор 67 “Өндөр цэг”-ийг нэмсэн. Ингэснээр нийт 686 түлш борлуулах цэгтэй болсон байгаа. Өмнө нь түлш тээврийн 22 компани тээвэрлэлт хийдэг байсан бол энэ жилээс 35 болгосон. Ингэснээр тээвэрлэлт удах, хоног хугацаа алдах зэрэг асуудлууд үндсэндээ байхгүй болсон. Төрийн үйлчилгээг ойртуулж, хүртээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Зарим айлын угаар мэдрэгч ажиллагаагүй болсон гэх гомдлууд ирдэг. Ер нь угаар мэдрэгчийг хэр удаан хэрэглэж байж сольдог вэ?
-Төрөөс 198 мянган угаар мэдрэгчийг нэг удаадаа үнэгүй тарааж, айл өрхүүдэд байрлуулсан. Эхэн үедээ хэрэглээний мэдлэггүйгээс болоод угаар мэдрэгчийг хэрэглэхгүй орхих тохиолдол нэлээд гарсан. Жишээ нь, зай нь дууслаа, муухай дуугараад байна гээд унтраачихдаг зэргээр орхигдуулсан байдаг. Өнгөрсөн жилээс айлууд угаар мэдрэгчийг сайн хэрэглэж байна. Угаарын онцлог нь нүдэнд харагдаж, гарт баригдаж, үнэртэхгүй байсаар хүний амьсгалын түвшинд хүрдэг. Тиймээс угаар мэдрэгч бол зайлшгүй шаардлагатай зүйл. Орон тооны бус 4500 ажилтнуудыг айл өрхөөр явуулан, ажиллагаатай болоод ажиллагаагүй угаар мэдрэгчийн судалгааг хийлгэсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт 3300, Баянгол дүүрэгт 386, Сүхбаатар дүүрэгт 1072 угаар мэдрэгчийн хэрэгцээ байгаа гэсэн тоо гарсан. Өөрөөр хэлбэл, 10 мянга орчим айлууд угаар мэдрэгчээ хаясан, гээсэн, эвдэлсэн байна. Эдгээр шаардлагатай угаар мэдрэгчийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болоод “Таван толгой түлш” ХХК-иас шийдэн, энэ долоо хоногоос нэмж 20 мянган угаар мэдрэгчийг оруулж ирэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө есдүгээр сарын 11, 12-нд болох өдөрлөгөөс өмнө угаар мэдрэгчээ бэлэн болгоно. Галлагаа эхэлсэн үед угаар мэдрэгч нь давхар ажиллаад явах ёстой. Намрын улирлын нэг эрсдэлтэй тал нь зунжин орсон борооны улмаас яндан битүүрдэг. Яндангаа хөөлж амжаагүй байхад гэнэт хүйтрээд гал түлэх болдог. Үүнээс болж шаталт дутуу явагдах, угаартах эрсдэл бий болдог. Иймээс сайжруулсан түлш, галлагаа, угаарын эрсдэлтэй холбоотой бүх талын мэдээллийг иргэдэд хүргэх үүднээс тус өдөрлөгийг зохион байгуулахын сацуу орон тооны бус ажилчдыг дайчлахаар төлөвлөөд байгаа юм. Яндан хөөлөхөд хүндрэлтэй байгаа айлууд буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тулж ажиллана.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
