Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Өнөөдөр Наурызын баярын өдөр...

Огноо:

,

Сэтгүүлч:

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог казах үндэстний түүх, соёлын уламжлал, хүндэтгэлт Наурызын баярын энэ өдрийг тохиолдуулан та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.

Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн олон зуун сая хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг. 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм.

Дэлхийн 40 гаруй орны ард иргэд тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярын өдөр казах түмэн айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, аксакал буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсож, “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвгөдийн сургаалыг ёсчлон биелүүлж, ёс төгөлдөр баясан цэнгэдэг, эв нөхөрлөл, ёс зүй, хүмүүжлийн чухал ач холбогдолтой, үндэсний соёлын нэгэн чухал зан үйл юм.

Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу  “Шинэ  өдөр”   гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг.  Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор казахын ард түмэн жил бүр тэмдэглэдэг түүхтэй.

Монголчуудын хувьд ч энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн.

Казахууд нарыг шүтдэг учраас 3 дугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгийг хэлэлцдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёсолж “амьдрал тэтгэж буй наран ээж минь” гэж залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх агаад ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг.  Эрчүүд нь ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг.

Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед “Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой!” хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог. Ийнхүү золгодог нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай аж. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гараа атгалцаж золгоно.

Наурызын баярын орой залуус хосоороо савлуураар савлуурдаж тоглодог бөгөөд энэ үед дуулж хөгжилдөх, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийн үг хэлэлцэх, болзох хором болдог гэж хэлж болно. Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг.  Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож харилцан дуулна. Шалгарсан нь бусад шалгарсан хүмүүстэй өрсөлдөх байдлаар цааш өрнөдөг байна.

Монголчууд цагаан сараар бууз банш иддэг бол казахууд шөл уудаг. Казахуудын хувьд 7-гийн тоо чухал бөгөөд баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол унд байх учиртай. Шөл нь мах, гурил, өөх тос, үр тарианы төрөл, давс, сонгино, ус гэх мэт долоон төрлийн хүнсээр амтлагдсан байх ба энэ нь амьдралын долоон өнгө болох баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлдэг байна. Энэ баярын үеэр архи дарс огт хэрэглэдэггүй бөгөөд исламын ёслолд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.

Баяраар аль болох олон айлд шөл уух тусам сайн хэмээн үзнэ. Ирсэн зочдод гэрийн ахмад хүнээр ерөөл хэлүүлэх ба сонсож буй хүмүүс алгаа хавсран нүүр рүүгээ харуулна. Ерөөл дууссаны дараа “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай “амин” гэж хэлээд хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.

Эрхэм хүндэт казах түмнийг шинэ өдөр бүхэн алтан нар ивээлт цацрагаараа  ивээж, шинэ амжилт, шинэ жаргал, шинэ золбоо хийморийг авчирч байх болтугай.

Уламжлалт баяраа ам дүүрэн ерөөл билигтэй, дастархан дүүрэн идээ будаатай, домбор хөгжмөө эгшиглүүлэн, кара жоргагаа бүжиж, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй.

Наурыз мейрамы хутты болсын.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.

Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.

АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.

Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.

Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв

Огноо:

,

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.

Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.

Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.

Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.

Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.

Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.

Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.

ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.

Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал23 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Санал болгох