Үйл явдал
Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын халдвар бүртгэгджээ
Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын халдвар бүртгэгджээ.
Одоогоор өвчтөний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын 11 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байна.
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушги, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин.
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.
Халдвар дамжих зам:
- Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
- Агаар дусал
- Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
- Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр:
- Арьсны хэлбэр
- Булчирхайн хэлбэр
- Уушгины хэлбэр
- Үжил хэлбэр
- Гэдэсний хэлбэр
- Залгиур хоолойн хэлбэр
Шинж тэмдэг:
- 380-400 хэм хүрч халуурах
- Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
- Бүх бие булчингаар шархирч өвдөх
- Толгой өвдөх
- Ханиалгах
- Цустай цэр гарах
- Амьсгалахад хүндрэлтэй болох
- Бөөлжих
- Хэвлийгээр өвдөх
- Суулгах
Урьдчилан сэргийлэх:
- Тарвага агнахгүй байх
- Тарваганы мах идэхгүй байх
- Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
- Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
- Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
- Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
- Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
- Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
- Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
- Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
- Нохойг байнга уяатай байлгах
- Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
- Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
- Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгнө.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2021/09/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ
-
Дэлхий нийтээр..2020/07/03
Хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт шалгалт хийлээ
-
Үйл явдал2021/03/03
Монгол ардын намын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо
-
Хэн юу хэлэв...2022/04/05
Х.Нямбаатар: Төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна
