Хэн юу хэлэв...
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулга авлаа.
Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
- Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.
Дээрх хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад түр хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, түр оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1 мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.
- Энэ хугацаа нь дуусвал цаашид асуудал хэрхэн яригдах вэ?
- Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсаж байна. Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа, улстөр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.
Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад түр оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно.
- Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу?
Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. Түр оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр түр оршин суух зөвшөөрөл олгоно. Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.
Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, албадан гаргах эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэхг азар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
